Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Монголын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн НҮБ-ын Төв байранд 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үзэсгэлэнг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монголчуудын хувьд түүхэн үйл явдал байсныг онцлоод НҮБ-ын бүхий үйл хэрэгт идэвхтэй оролцож ирснийг тэмдэглэв.
Тус үзэсгэлэнд монгол туургатны орчин үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон Монгол Улсаас уран барималч Ж.Цолмонхүү, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос каллиграфч н.Чулуунбаатар болон АНУ дахь монгол туургатныг төлөөлж уран зураач Т.Чулуунбаатар нарын бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэн танилцуулав.
Үзэсгэлэн 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр