United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Date: 
Friday, 03 June 2022

Өнөөдөр Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Цар тахлын тархалт, хорио хязгаарлалт буурч дэлхийн санхүү, бизнесийн томоохон төв болох Нью-Йорк хотод болдог уламжлалт экспо үзэсгэлэн, арга хэмжээнүүд зарим талаар сэргэж ирж байна. Энэ цаг үед буюу 6 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж буй Олон улсын франчайзын үзэсгэлэн (International Franchise Expo)-д Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаад онцгой баяртай байна гэж Байнгын төлөөлөгч В.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрээр цааш Нью-Йорк хот дахь санхүү, худалдаа, бизнесийн төвүүд, Монгол - НҮБ-ын хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засаг, бизнесийн хөгжлийн чиглэлийн үйл ажиллагааны эзлэх хувь, хэтийн төлөвийн талаар танилцуулав. Улмаар бизнес эрхлэгчдийн асуултад хариулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл, санал солилцлоо.

МҮХААҮТ-ын тэргүүлсэн бизнес эрхлэгчдийн багийн бүрэлдэхүүнд мэдээллийн технологи, газрын тос, тээвэр зуучлал, гадаад худалдаа, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Эгүлэн пос, Петровис, Ландекс, Ухаа сар, Синержи групп, Симатай Промоушн, BSB Сервис, Мак зэрэг компаний төлөөлөл оролцож байна.

Дашрамд дурдахад эл франчайзын үзэсгэлэнг Нью-Йорк хотын Жакоб Жавиц төвд франчайзын бизнесийн загвараар хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа солонгоруулах хүсэлтэй олон улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад зориулан зохион байгуулдаг. Мөн үеэр Олон улсын франчайзийн холбоо, АНУ-ын Худалдааны яам зэрэг байгууллагаас зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтад оролцох боломж нээлттэй байдаг ажээ.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР