United Nations Welcome to the United Nations. It's your world.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ-Г УГТАН ҮДЛЭЭ

Date: 
Wednesday, 20 July 2016

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г угтан үдлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.  БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.  Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй  албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзав. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.  Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалын өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцов. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн билээ.