Энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын Гадаад хэргийн сайд Стефан Дионтой уулзав. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Канадын Парламентын Нийтийн танхимын даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг сайшаан, энэ үеэр гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхийн чухлыг талууд цохон тэмдэглэв.
Канад Улсын Гадаад хэргийн сайд С.Дион тус улс ардчилал, эрх зүйт ёсыг хөгжүүлэх үйлст олон улсын хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн туршлагатай улсын хувьд ардчиллыг бэхжүүлэх үйлст дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэв. Түүнчлэн Канадын Хөгжлийн тусламжийн хүрээнд манай улсад 50 орчим сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хэрхэн өргөжүүлэх боломжийг судалж үзэхийг санал болгов.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх нь ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, усны чиглэлд илүүтэй хөгжүүлэх нь чухал болохыг онцлов. Уулзалтын төгсгөлд Канадын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлах урилгатай болохыг дахин нотолж тааламжтай үедээ айлчлахыг хүсэв.