Энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Идрысовтай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Идрысов Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард өөрийн орондоо АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, тус улсын чухал түнш орнуудын нэг болохын хувьд цаашид хоёр улсын эдийн засаг, хөдөө аж ахуй болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Балхашмысын өрийн асуудлыг хэлэлцэж энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулахаа мэдэгдэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Казахстан Улсад зохион байгуулагдах ЭКСПО 2017-д оролцохоо мэдэгдэж, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэж хэлэв. 2017 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа болно.