Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид 2 дугаар сарын 25-нд Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж байгаа ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм.
Айлчлалын хүрээнд ноён Майкл Мэтиссэн дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д. Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нартай тус тус уулзаж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил болон дагалдах уулзалтуудын талаар санал солилцож, зөвлөгөө өглөө.
Энэ үеэр ноён Майкл Мэтиссэн Европын Холбооны зүгээс Монгол Улсыг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах асуудлаар тууштай дэмжиж ажиллахыг илэрхийлэв.
Ноён Майкл Мэтиссэнийг дагалдан яваа зарим төлөөлөгчид Улаанбаатарт үлдэж, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дуусах хүртэл манай АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран ажиллана.