United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДЭЛХИЙН ОЙН АСУУДЛААР САЙД НАРЫН ТУНХАГЛАЛ ГАРГАВ

Date: 
Friday, 15 May 2015

Ойн асуудлаарх НҮБ-ын форумын 11 дүгээр чуулган 5 дугаар сарын 4-нээс 15-ны өдрүүдэд Нью Йорк хотноо чуулав. Уг чуулганы хүрээнд 5 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Өндөр түвшний хуралдаан болж ойн тогтвортой менежмент болон 2015 оноос хойшхи ойн талаарх олон улсын түвшний зохицуулалтын механизмын талаар хэлэлцэн Сайд нарын тунхаглал гаргав. Уг хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой эзэлдэг ой багатай дэлхийн цөөн орнуудын нэг хэдий ч ойн нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх, ойн экосистемийн төлөв байдлыг сайжруулах, нөөцийн үнэлэмжийг  нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч үндэсний бодлогоо тодорхойлон амжилттай хэрэгжүүлж байгаа талаар онцлон дурдав. Тогтвортой хөгжлийг хангахад ойн нөөц, баялгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол нь асар их бөгөөд иргэдийн оролцоог дэмжсэн ойн менежментийн хэлбэрийг хөгжүүлснээр 2015 оноос хойшхи даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон хувь нэмэр оруулах учиртайг тэмдэглэн хэлэв.

Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд 1100 гаруй нөхөрлөл байгуулагдан нийт ойн 5 орчим хувийг хариуцан менежментийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар онцлов. Энэхүү туршлага нь 2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн эрхэм зорилго ядуурлыг таслан зогсооход дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болж болохуйц туршлага хэмээн гэж үзэж байгаа тухай тэмдэглэн хэлэв.     

Өнгөрсөн оны 6 дугаар сард Монгол Улсын Их хурал “Ногоон хөгжлийн бодлого” баталсан. Ногоон хөгжлийн бодлогод  дэлхийн дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт, газрын доройтол, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд тэргүүлэх ач холбогдол өгсөн. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад ойг тарьж ургуулах ялангуяа заган ойн талбайг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар онцлов.

Төгсгөлд нь дэлхийн ойн нөөцийг хамгаалж хүн төрөлхтний сайн сайхан аж байдлыг хангахын төлөө дэлхийн улс гүрнүүд хамтын хүчин чармайлт гаргах учиртай бөгөөд 2015 оноос хойшхи ойн талаарх олон улсын түвшний зохицуулалтын механизмыг бэхжүүлэх, боловсронгуй болгох санал санаачлагыг Монгол Улс дэмжин хувь нэмэр оруулахад бэлэн байгаа гэдгийг дахин нотолж байна гэж хэлэв.