United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ

Date: 
Wednesday, 20 September 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр болов.

“Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож, “Далайд гарцгүй хөгжиж орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааны талаар үндсэн илтгэл танилцуулав.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мухамед, АНУ-ын Колумбын Их сургуулийн “Ертөнц” хүрээлэнгийн захирал, профессор Жэфри Сакс, НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч Т.Гетту нар тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын эрх ашгийг хамгаалах асуудлаар илтгэл тавив.

Монгол Улс 2006 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо анх удаа байгуулах санал гаргаж, НҮБ, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүрэн дэмжлэгийг авснаар энэхүү судалгааны төв 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс олон улсын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Санаачлагч орны хувьд, тус олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил гишүүн орнуудад дэлгэрэнгүй танилцуулав.

Сайд нарын уулзалтаар төлөөлөгчид “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтээсээ танилцуулан, ололт амжилт, сорилт бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулах, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх асуудлаар санал бодлоо солилцов. 

Уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын тунхаглалыг батлав.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр