United Nations Welcome to the United Nations. It's your world.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт болов

Date: 
Wednesday, 25 September 2019

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 чуулганы хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн дарга, Парагвай Улсын Гадаад хэргийн сайд А.Р.Паласиос, НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы дарга Т.Мухаммад-Банде, НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.С.Алисжавана болон бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцлоо. 

Энэ удаагийн уулзалтаар ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд, хөгжлийн санхүүжилт зэрэг бүлгийн хувьд ач холбогдолтой асуудлаар байр сууриа илэрхийлсний зэрэгцээ Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцан, хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтийг хангах хамтын хүчин чармайлтын талаар ярилцав.

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилт, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа, санаачлагын талаар танилцуулж, хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх бэлтгэлийг хангахад оруулж буй үндэсний хувь нэмэр, оролцооны талаар танилцуулав.

ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг амлалтаа бататган, “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн сайд нарын тунхаглалыг батлав.