Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 23 дахь удаагийн уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Ф.Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Р.Рэй, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Улмаар уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын 60 орчим төлөөлөгч үг хэлэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал, санаачилгын талаар танилцуулж, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг бүлгийн гишүүн улсууд, хөгжлийн түншүүд, оролцогч бусад талд уриалав.
Улмаар ирэх 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ботсвана Улсын Габороне хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангах Засгийн газар хоорондын хорооны хамтран даргалагч Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлж, энэхүү бага хурлаар батлах ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нь тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв.
Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр