United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Date: 
Friday, 24 September 2021

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын цахим уулзалт 9 дүгээр сарын 23-нд болов.

Уулзалтад ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдуллах Шахид, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кортни Раттри болон транзит орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад оролцож үг хэлэхдээ цар тахлын үеийн Монголын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн байдал, тулгарч буй бэрхшээл, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулав. Мөн Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвөөс гүйцэтгэж буй төсөл, судалгааны ажлуудын талаар цохон дурдаж, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг гишүүн улсууд, хөгжлийн  түншүүд, бусад оролцогч талд уриаллаа.

ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас КОВИД-19 цар тахлын үед ДГХБО-ын эдийн засгийг алгуур сэргээх, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Замын зураглалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүдийг тусгасан Тунхаглалыг батлав.

ДГХБО-ын бүлгийн 2022-2023 оны товчооны гишүүнд Армени, Ботсвана, Бурунди, Балба, Монгол, Парагвай улсууд нэрээ дэвшүүлж сонгогдов.