United Nations Welcome to the United Nations. It's your world.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

Date: 
Wednesday, 23 September 2020

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 23-нд болов.

Энэхүү виртуал уулзалтад ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, транзит орнууд, хөгжлийн түншүүдийн төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга В.Бозкир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) А.Гутеррес, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману нар болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Уулзалтаар Гадаад хэргийн сайд нар ДГХБО-ын хөгжилд чиглэсэн “Венийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөр”-ийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээл, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, хамтын чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэн, байр  сууриа  илэрхийлсний  зэрэгцээ КОВИД-19 цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.   

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцон, КОВИД-19 цар тахлын үед “Тогтвортой хөгжлийн 2030  хөтөлбөр”,  “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд оруулж буй үндэсний хувь нэмрийн талаар мэдээлж, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Мөн тэрээр Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалдааны төв”-ийн гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг НҮБ-ын гишүүн улс орнууд, хөгжлийн  түншүүд, оролцогч талуудад уриаллаа.  

Уулзалтаар ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг амлалтаа бататган, Сайд нарын тунхаглалын болон хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх замын зураглалын төслийг тус тус батлав. Эдгээр баримт бичигт “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, “COVID-19” цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөөлөл, үр дагаврыг бууруулахад чиглэсэн зөвлөмж, арга хэмжээнүүд туссан болно.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр