United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ АЗИ-ЕВРОПЫН БҮС НУТГИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ

Date: 
Friday, 25 August 2023

Тайландын Вант Улсын Бангкок хотноо 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Далайд Гарцгүй Хөгжиж буй Орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 2014-2024 оны хэрэгжилтийг хэлэлцэх Ази-Европын бүс нутгийн хурал болж өнгөрлөө. 

Уг хурлыг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар, НҮБ-ын АНДЭЗНК-оос хамтран зохион байгуулсан ба хуралд бүс нутгийн ДГХБО, транзит орнуудын өндөр түвшний  болон  хөгжлийн түншүүд, НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагын 80 гаруй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчид тус тусын улс дахь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт,  транзит болон дэд бүтцийн бодлого, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хэрэгжүүлэх арга механизмын талаарх туршлага, сургамжаа хуваалцсан бөгөөд хурлын дүн, төгсгөлийн баримт бичиг нь ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын хэлэлцүүлэг, ДГХБО-ын хөгжлийн  дараагийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олох юм. 

Монгол Улс нь Нью-Йорк дахь ДГХБО-ын Бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагч тул бүс нутгийн түвшний эл чухал арга хэмжээнд манай төлөөлөгчид идэвхтэй оролцов. 

Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд бүс нутгийн хурлын Өндөр түвшний сегментэд үг хэлж Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний түвшний хэрэгжилт, эдийн засаг, хөгжлийн сүүлийн үеийн ололт амжилт, сорилт бэрхшээлийг  танилцуулсан ба “Венийн үйл ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, түншлэл, үнэлгээ, мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хуралдааныг удирдан явуулсан бол ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын дэд захирал З.Баттүшиг “ДГХБО-ын худалдааны өрсөлдөх чадварыг хөгжүүлэхийн тулд транзит, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагааг дэмжих нь” сэдэвт хуралдаанд панелистаар оролцов.  

Түүнчлэн Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Ази-Европын бүс нутгийн үнэлгээний хурлын Товчооны гишүүн бөгөөд илтгэгчээр ажилласан бол зөвлөх В.Өлзийбаяр эл хурлаас гарсан төгсгөлийн баримт бичиг (Euro-Asia Action Call)-ийн албан бус хэлэлцүүлгийг удирдан явуулав. 

Дашрамд дурдахад ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь 2024 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Руанда Улсын Кигали хотноо болно.