United Nations Welcome to the United Nations. It's your world.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Date: 
Thursday, 01 August 2024

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр өнөөдөр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай уулзав.

Уулзалтын үеэр Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улс нь НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй зэрэг тусгай хэрэгцээт орнуудын сонирхлыг хамгаалах, тэдний хөгжлийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж, их үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв. 

Улмаар талууд НҮБ-ын ДГХБО-ын Бүлгийн хүрээнд хамтран ажиллах, 2024 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Ботсвана Улсын нийслэл Габороне хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх, тус бага хурлаас батлах Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөж эхлэх, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжих зэрэг цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Дашрамд дурдахад Монгол Улс өдгөө Нью-Йорк дахь ДГХБО-ын Бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улстай хамтран даргалж байгаа юм. 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 он 8 дугаар сарын 1-ний өдөр