Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Маха-тай 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.
Сайд Ц.Мөнх-Оргил 3 сарын өмнө Монгол Улсын Их Хурлын сонгууль болж Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаж эхэлсэн талаар товчхон мэдээлж манай хоёр орон төстэй түүх, соёл, зан заншилтайг тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн Монгол Улсын санаачлагаар Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдолтойг тэмдэглэв.
Тэрбээр дээрх төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Балба Улс даруй соёрхон батлахыг хүсч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан захидлыг уламжлав. Балба Улс уг хэлэлцээрийг соёрхон батлахын төлөө байгаа гэдгээ илэрхийлж Сайд Ц.Мөнх-Оргилийг энэ оны 11 дүгээр сард Балба улсад айлчлахыг урив.