United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР УСНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Date: 
Wednesday, 21 September 2016

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Тажик Улсын Гадаад хэргийн сайд Зохиди Сирожидин Мухридиновичтай 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, тус төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Тажик Улс ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд дамжин өнгөрөх тээвэр, чөлөөт худалдааны асуудал зэрэг ижил төстэй тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүд байдаг тул энэ чиглэлд хамтран ажиллах боломжтойг мөн тэмдэглэж хэлэв. 

Тажикийн Гадаад хэргийн сайд манай хүсэлтийг анхааралтай судлан үзэж байгаа, ойрын хугацаанд хариу өгөх болно гэдгээ мэдэгдэв. Тус улсын хувьд усны асуудал нэн тулгамдаж буйн хувьд олон улсын усны 10 жилийн талаарх санаачлагыг хэрэгжүүлэх хугацааг дахин сунгаж шинэчлэн боловсруулан “Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын усны 10 жил 2018-2028” тогтоолын төслийн хамтран зохиогчоор орохыг хүсэлт болгов. Монгол Улсын хувьд энэхүү тогтоолын хамтран зохиогчоор оролцож ирсэн гэдгээ дахин нотолж олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ харилцан дэмжих нь зүйтэй гэдгээ талууд илэрхийлэв.