United Nations Welcome to the United Nations. It's your world.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 24 September 2021

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 10 дугаар бага хуралд оролцож, үг хэллээ.

“Ардчилал ба дасан зохицол: нийтлэг зорилтууд” сэдвээр болсон уг бага хуралд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид, НҮБ-ын Улс төр, энхийг тогтоох асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Роузмари ДиКарло,  тус нийгэмлэгийн гишүүн 100 гаруй улсын төлөөлөгчид оролцож, Сайд нарын тунхаглалыг баталсан байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн бүрэн эрхт гишүүний хувьд Варшавын тунхаглалын үзэл санаа, үнэт зүйлс, зарчмуудыг эрхэмлэн мөрдөж ирснийг тэмдэглэж, КОВИД-19 цар тахал ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээнд сорилтууд бий болгосон ч манай улс бүх түвшинд сайн засаглалыг бэхжүүлж, хариуцлагатай төрийг бий болгохыг зорин ажиллаж байгааг онцлов. Мөн Монгол Улс КОВИД-19 цар тахлын хүнд нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан болон Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хэрэгжүүлэх шинэчлэлийг эрчимжүүлж байгаа талаар мэдээлжээ.