United Nations Welcome to the United Nations. It's your world.

БХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НЬЮ-ЙОРК ХОТОД АЖИЛЛАВ

Date: 
Monday, 06 June 2022

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зочилж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч нарийн бичгийн дарга Жан Пьер Лакруа болон НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын цэргийн зөвлөх генерал Бираме Диоптой тус тус уулзаж, Монгол Улсаас НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, цаашдын төлөвийн талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтанд манай талаас Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, БТГ-ын цэргийн зөвлөх хурандаа Д.Ганхуяг нар байлцав.

Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч нарийн бичгийн дарга Жан Пьер Лакруа 2 долоо хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулах ЭСА-нд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа нотлов. Тэрээр Монгол Улсын ЭСА-нд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол цэргийн сахилга, зохион байгуулалттай байдал, үүрэг гүйцэтгэлт бусад улс орнуудад үлгэр жишээ болж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын төрийн өндөр албан тушаатнуудтай уулзаж, манай улсын ЭСА дахь цаашдын оролцооны талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Цэргийн зөвлөх генерал Бираме Диоптой уулзах үеэр тэрээр НҮБ-ын ЭСА-нд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Монгол улс тэргүүлэн оролцож байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа бие даасан алба хаагчид /цэргийн ажиглагч болон штабын офицер/-ийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь цэрэг илгээгч орнуудад дунджаар 19 хувь байгаа бол Монгол Улс 21 хувь, цэргийн багт эзлэх хувь бусад улсууд 5,6 хувь байгаа бол Монгол Улс 7,7 хувь байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр манай улсын энэхүү туршлага, сургамжийг бусад цэрэг илгээгч орнуудад хүргэх зорилгоор НҮБ-ын стратегийн хэвлэл мэдээллийн албатай хамтран нийтлэл бэлтгэж, НҮБ-ын сар тутмын хэвлэлээр нийт цэрэг илгээгч орнуудад хүргэх саналтай байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр даруй ажиллаж эхлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Мөн тэрээр манай улсаас НҮБ-ын Энхийг сахиулахын бэлэн байдлын системд бүртгэлтэй цэргийн багуудад саяхан НҮБ-аас зохион байгуулагдсан үнэлгээг онцолж, ойрын хугацаанд Монгол Улсын эдгээр цэргийн багуудаас НҮБ-ын ЭСА-нд сонгогдон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР