United Nations Welcome to the United Nations. It's your world.

БЕЛИЗ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Date: 
Wednesday, 21 June 2017

Монгол Улс Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Албан мэдээнд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурав. Хамтарсан албан мэдээний хувь, хоёр улс дипломат харилцаа тогтоосныг мэдэгдэж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн захидлын хувийг тус тус хавсаргав. Дипломат харилцаа тогтоосонтой холбогдуулан хэвлэлийн дараах мэдээг хүргүүлж байна. Үүнд:

"НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав.     

         

Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв."