United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР ЭНХТАЙВНЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ

Date: 
Tuesday, 13 August 2024

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Төв байранд 8 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн Энхтайвны үзэсгэлэнд оролцож, үг хэллээ.

2006-2011 онуудад Сьерра-Леон Улсын Фрийтаун хот дахь Олон улсын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй  “UNMIL”  ажиллагаанд Монгол Улсын  Зэвсэгт хүчний 2300 энхийг сахиулагч (үүнээс 43 эмэгтэй)-д үүрэг гүйцэтгэсэн нь Монгол Улсаас Африк тивд үүрэг гүйцэтгэсэн анхны цэргийн баг болсон төдийгүй хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал байсныг Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр  хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ.

Сьерра-Леон Улсын Ерөнхийлөгч Доктор Жулиус Маада Биогийн албан ёсоор нээсэн тус үзэсгэлэнд Сьерра-Леон Улсын энх тайвны төлөөх хүчин чармайлтыг харуулсан олон сонирхолтой үзмэрүүд дэлгэсэн байсан бөгөөд Монголын энхийг сахиулагчдаас дурсгаж байсан бамбай нь тус үзэсгэлэнд тавигдсан үзвэрүүдийн нэг болж байгаагаараа онцлог байлаа.

 НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн Сьерра-Леон Улсад үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багт 2010 оны 6 дугаар сарын 14-нд зочлохдоо монгол цэргүүд тэсвэр хатуужил, сахилга бат, дасан зохицох чадвараар бусад орны цэргийн алба хаагчдаас эрс ялгаатай байж, энхийн төлөөх үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлж байсан юм.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр