Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 8 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан захирал туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Канни Вигнаражатай уулзав.
Уулзалтын үеэр хатагтай Канни Вигнаража Монгол Улсын зүгээс олон улсын тавцнаа гадаад бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй олон санаачилгыг өндрөөр үнэлж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс зохион байгуулах хурал, арга хэмжээнүүд болон энэ оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо болох Ирээдүйн асуудлаарх Дээд хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдэгдэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох болсонд хатагтай Канни Вигнаражад талархал илэрхийлж, түүний оролцоо нь чуулганд оролцогч дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого болон хөтөлбөр, Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг сайшаан, тэр дундаа энэ оны хавар болсон зудын гамшигт нэрвэгдэгсдэд шуурхай дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр