United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 21 February 2025

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах нь” сэдвээр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэв.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ дэлхий нийтийн сорилтуудыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь олон талт үзэл гэдгийг онцолж, НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог сайшаав. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг илүү төлөөлөлтэй, ил тод, үр дүнтэй болгохын тулд иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, олон улсын эрх зүй, эрх зүйд суурилсан дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын оролцоог хангахын тулд дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг онцлов. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө тууштай байгаагаа илэрхийлж, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурлын 17 дугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаагаа танилцуулав. Монгол Улс олон талт үзлийг сэргээж, дэлхийн засаглалыг шинэчлэх зорилготой "Ирээдүйн төлөөх гэрээ" баримт бичгийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 2 дугаар сард даргалж буй БНХАУ-ын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И удирдан явуулав. Хэлэлцүүлгийг нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш үг хэлсэн бөгөөд Алжир, Боливи, Куба, Пакистан, Сауди Араб, Сомали, Сьерра Леон, Уганда, Унгар, Украин зэрэг 10 улс Гадаад хэргийн сайд болон дэд сайдын түвшинд оролцов. Хэлэлцүүлэгт нийт 98 гишүүн улсын төлөөлөгчид үг хэлж оролцов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД

СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр