United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН УЯЛДААГ ХЭРХЭН ХАНГАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ

Date: 
Tuesday, 31 March 2015

3 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулсан “2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг уялдуулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Оч оролцож үг хэлэв. Тэрвээр хэлсэн үгэндээ Дэлхийн улс орнуудын хөгжлийн сүүлийн 15 жилийн хөтөлбөр болох Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан 2015 оноос хойшхи дэлхийн хөгжлийн зорилтуудаа тодорхойлох, Мянганы хөгжлийн зорилтын дутууг гүйцээх асуудалд улс орнууд анхаарал хандуулах чухал цаг үе тохиож байгааг тэмдэглэв. Үүнтэй уялдуулан Мянганы хөгжлийн зорилтыг Монгол улс хэрхэн хэрэгжүүлсэн түүнээс олсон амжилт, сургамж, учирсан хүндрэл бэрхшээл болон ирэх 15 жилийн хөгжлийн зорилтоо тодорхойлох чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярьлаа. Тухайлбал ядуурлын түвшин, орлогын тэгш бус хувиарлалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөцийн үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь томоохон сорилт бэрхшээл болж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, нүүрсхүчлийн хийн ялгарал, усны хомсдол, хөрсний доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг байгалийн хүчин зүйлс Монголд хүчтэй нөлөөлөл үзүүлж, байгаль орчинтойгоо зохицон аж төрдөг иргэд, ялангуяа хөдөөгийн малчид, тариалан эрхлэгчдийн байгалиас хамаарах байдлыг нэмэгдүүлж байгаа талаар дурдав.

Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүд оролцсон Рио 20 НҮБ-ын бага хурлын үр дүнгийн баримт бичиг “Бидний хүсч буй ирээдүй”-д тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах гол арга зам нь ногоон эдийн засаг гэж санал нэгдэн “Ногоон хөгжил”-ийн замыг сонгохыг улс орнуудаас уриалсан билээ. Энэ нь 2015 оноос хойшхи дэлхийн хөгжлийн үндсэн зарчмуудын нэг гэж бид үзэж байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард  Монгол улсын УИХ баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын талаар танилцуулан дэвшүүлж буй зорилтуудыг хангахад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг хэрхэн уялдуулж тусгасан талаар жишээ дурдан ярив.

Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан оролцогчдоос тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.