United Nations Welcome to the United Nations. It's your world.

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ТОГТООЛ 84 ХАМТРАН ЗОХИОГЧТОЙГООР САНАЛ НЭГТЭЙ БАТЛАГДАВ

Date: 
Wednesday, 18 January 2023

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд нийтийн зөвшилцлөөр батлав.

Энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхийг хангахад ардчилал, боловсролын уялдаа холбоо нь чухал үүрэгтэй болохыг нотолсон энэхүү тогтоолыг Монгол Улс 2012 оноос санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам батлуулж ирсэн. Тав дахь удаагаа ийнхүү санаачлан батлуулсан ардчиллын боловсролын тухай тогтоолыг бүс нутаг бүрийн төлөөллөөс бүрдсэн 84 улс дэмжиж, хамтран зохиогчоор нэгдэв. Чингэснээр уг тогтоолыг хамгийн олон хамтран зохиогчтойгоор, тэр дундаа Антигуа ба Барбуда, Армен, Балба, Боливи, Босни-Херцеговин, Бразил, Бурунди, Гайана, Доминикан, Казахстан, Киргизстан, Замби, Малайз, Мьянмар, Нижер, Папуа Шинэ Гвиней, Сенегал, Сент Люсиа, Сьерра Леон, Тажикистан, Эквадор зэрэг 21 гишүүн улс анх удаа хамтран зохиогчоор орж дэмжсэн нь ардчиллын боловсролын асуудлыг гишүүн орнууд өргөнөөр дэмжиж буйн илрэл боллоо.  

Шинэчлэн батлуулсан тогтоолд 2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болсон Хувьсаж буй боловсрол” Дээд түвшний уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх асуудлыг тусгасан бөгөөд чухал ач холбогдолтой энэхүү дээд түвшний уулзалтыг тусгасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дахь тогтоол болов. Мөн ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг дангаар гаргахаар болсныг онцлон тэмдэглэж байна.  

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр