United Nations Welcome to the United Nations. It's your world.

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ НҮБ-ЫН ТОГТООЛ БАТЛУУЛАВ

Date: 
Monday, 09 March 2015

Монгол Улсаас санаачлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд өргөн барьсан "Ардчиллын боловсролын тухай" тогтоолын төслийг Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 81 дэх Бүгд хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

            "Ардчиллын боловсролын тухай" тогтоолын төслийг танилцуулж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ уг тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил болон хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах асуудлын уялдаа холбоог дахин нотлохын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас 2012 онд дэвшүүлсэн "Боловсрол эхэнд нь" санаачилга, түүний "дэлхийн иргэнийг төлөвшүүлэхийг чухалчлах" гуравдахь тэргүүлэх чиглэл, Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрүүд, НҮБ-ын Мянганы Тунхаглалын холбогдох хэсгүүдтэй уялдаа бүхий заалтууд боловсруулж оруулсан гэв. Мөн ард иргэдээ чадавхжуулах, тэдний улс төр, төр засгийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлэхийн тулд ардчиллын боловсролыг иргэний, хүний эрхийн боловсролын хамт тус тусын сургалтын хөтөлбөр ба сургуулиас гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, шинэлэг арга барил, шилдэг туршлагаа хуваалцаж ажиллахыг гишүүн орнуудад уриалснаараа ач холбогдолтой болсныг тэмдэглэв.  

            Уг тогтоолд Австри, Андорра, Аргентин, АНУ, Бельги, Болгар, Герман, Грек, Гүрж, Канад, Коста Рика, Ирланд, Исланд, Испани, Итали, Кипр, Колумб, Латви, Ливан, Литва, Люксембург, Малта, Мексик, Молдова, Монгол, Монако, Морокко, Норвеги, Панам, Перу, Польш, Португал, Румын, Сан Марино, Словак, Словени, БНСУ, Сомали, Турк, Хорват, Унгар, Филиппин, Финлянд, Франц, Чех, Чили, Швед, Эл Сальвадор, Эстони, Япон зэрэг 50 орон хамтран зохиогчоор орсон нь ардчиллын боловсролын асуудлыг гишүүн орнууд өргөнөөр дэмжиж байгааг харуулав. 

            "Ардчиллын боловсролын тухай" тогтоолыг Монгол Улс анх 2012 онд Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалж байхдаа санаачилж батлуулсан ба мөн 2013 онд НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганаар "Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх тухай" тогтоол санаачилж батлуулсан билээ.