Энэ 9 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабертай уулзав.
Уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Төрийн сайд Др. Султан Аль-Жабер цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНЭУ-д зохион байгуулагдах ЭКСПО 2020-д Монгол Улс оролцох хүсэлтэй байгааг мэдэгдэж, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хооронд байгуулах Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан хороо байгуулах хэлэлцээрийг эцэслэн тохиролцоход анхаарч ажиллахыг хүсэлт болгов.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
9 дүгээр сарын 18-ны өдөр