United Nations Welcome to the United Nations. It's your world.

“ЦААЗААР АВАХ ЯЛЫН ГҮЙЦЭТГЭЛД МОРАТОРИУМ ТОГТООХ: БҮС НУТГУУДЫН САЙН ТУРШЛАГА, ОЛОЛТ АМЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ МОНГОЛ УЛСЫН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦАВ

Date: 
Tuesday, 13 October 2026

Цаазаар авах ялын хоригийн асуудлаарх Бүс хоорондын ажлын хэсгээс “Цаазаар авах ялын гүйцэтгэлд хориг тогтоох: Бүс нутгуудын сайн туршлага, ололт амжилт” сэдэвт хэлэлцүүлгийг НҮБ-ын Төв байранд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, Монгол Улсын цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоохоос эхлэн бүрмөсөн халах хүртэл хэрэгжүүлсэн бодлого, эрх зүйн шинэчлэл, хуримтлуулсан туршлагаас хуваалцав.
Тэрбээр Монгол Улс 2010 онд цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоож, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн, улмаар 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цаазаар авах ялыг бүрмөсөн халсан талаар танилцуулав. Уг хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон юм.
Түүнчлэн тэрбээр цаазаар авах ялыг халах үйл явцад улс төрийн манлайлал, олон нийтийн дэмжлэг, үндэсний хууль тогтоомжийн шинэчлэл болон олон улсын эрх зүйн үүрэг амлалт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлоод, мораториум тогтоох нь цаазаар авах ялыг бүрмөсөн халах чухал шилжилтийн үе шат болдгийг тэмдэглэв.
Мөн цаазаар авах ялыг халсан шийдвэрийг тогтвортой хадгалахад эрх зүйн баталгааг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхийн ач холбогдлыг онцолж, улс орнуудын нөхцөл байдал харилцан адилгүй боловч шат дараалсан шинэчлэлээр бодит үр дүнд хүрэх боломжтойг Монгол Улсын туршлага харуулж байгааг тэмдэглэв.