United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕНБД-ЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АМИНА Ж.МОХАММЕД ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМАНД АЖИЛЛАВ

Date: 
Monday, 24 August 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед ирсэн даруйдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт зочилж, Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд байгуулсан Цогт-Өндөр бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж буй тус санаачилгын үр дүн, ач холбогдол, үйл ажиллагаатай танилцав.

Бага сургууль нь 75 хүртэлх хүүхдийг хамруулах хүчин чадалтай бөгөөд алслагдсан сум, багийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэж байна. Хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шийдлээр байгуулсан тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчний шийдэл, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламж, цахим сургалтын дэд бүтцээр хангагдсан.

Хатагтай Амина Ж.Мохаммед “Багийн бага сургууль” санаачилга нь хөдөө, орон нутгийн боловсролын хүртээмжийн ялгааг бууруулах, хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад чухал ач холбогдолтойг онцолж, орон нутгийн хүүхдүүдийн чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилга нь Засгийн газар, НҮБ, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ бөгөөд цаашид бусад алслагдсан багт өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2026 оны 8 дугаар сарын 24