United Nations Welcome to the United Nations. It's your world.

UNCCD COP 17 | DAY4 : Иргэний нийгмийн оролцоо, бэлчээр ба малчдын тогтвортой менежмент

Date: 
Thursday, 20 August 2026

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын дөрөв дэх өдөр иргэний нийгмийн оролцоо бүхий нээлттэй яриа хэлцээ өрнөж, бэлчээрийн менежмент, элс ба шороон шуурга, шинжлэх ухаан ба бодлогын уялдааг хангах зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг явагдав.

1. COP-ын бүгд хуралдаан

Бүгд хуралдааныг COP17 хурлын Дарга Б.Батцэцэг удирдан явуулсан бөгөөд бага хурлын товчооны үлдсэн гишүүдийг сонгов. Улмаар Зүүн Европын бүлгээс Улфат Мачанов (Азербайжан), Биляна Килибарда (Черногор) нарыг Дэд ерөнхийлөгчөөр, Каромо Броун (Сент-Винсент ба Гренадин)-г Илтгэгчээр сонгогдов.

2. Иргэний нийгмийн нээлттэй хэлэлцүүлэг

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17-д иргэний нийгмийн 3,000 гаруй төлөөлөгч оролцож байгааг онцлоод Конвенцыг бодит амьдралын туршлага, олон нийтийн мэдлэгээр дамжуулан хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо чухал болохыг тэмдэглэв.

COP17-ын Дарга Б.Батцэцэг газрыг үр дүнтэй сэргээхэд шинжлэх ухаан, инновац, тогтвортой санхүүжилтэд тулгуурлан нутгийн иргэд болон уугуул иргэдийн туршлагаас суралцах шаардлагатайг онцлов.

Малчдын Зорилгын Сангийн төлөөлөгч Баселе Стивен Галгеса дэлхийн цаг уур болон нөхөн сэргээлтийн санхүүжилтийн дөнгөж 1 хүрэхгүй хувь малчин олонд хүрч байгааг шүүмжилж, санхүүжилтэд шууд хүрэх эрх, газар өмчлөх болон шилжин суурьших эрхийн аюулгүй байдлыг хангахыг уриалав.

"The ClimAct Initiative" байгууллагын төлөөлөгч Гарима Ражпал малчдыг "газар сэргээх түншүүд" болгох ёстойг онцолсон бол Дэлхийн цаа буга маллагчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Оскал Дэлхийн малчдын чуулга уулзалтын үр дүн болох "Дэлхийн малчид болон уугуул иргэдийн үйл ажиллагааны уриалга"-ыг танилцууллаа.

Европын Холбоо, Бразил, Перу, Австрали, Йемен, Уругвай, Зимбабве, Сенегал, Экваторын Гвиней зэрэг улсууд иргэний нийгмийн байгууллагын гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлж, хэлэлцэх асуудлын жагсаалтад үлдээхийг дэмжив.

3. Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлага, элс ба шороон шуурганы асуудал, бэлчээр ба малчдыг дэмжих зорилт

Бага хурлын нэгдсэн хорооны хуралдаанаар 2018-2030 оны стратегийн хүрээг танилцуулан хэлэлцүүлж, төлөөлөгчид конвенцын хэрэгжилтийг сайжруулах талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Хятад Улс үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл солилцох шаардлагатайг дурдсан бол Европын Холбоо үндэсний гол цэгүүд (NFS) болон Шинжлэх ухаан, технологийн харилцагчид (STCs) нь хэрэгжилтийн гол тулгуур багана хэмээн тэмдэглэлээ.

Төлөөлөгчид элс ба шороон шуурга хил дамнасан шинжтэйг онцлоод улс орнууд хамтран ажиллах, чингэхдээ эрт илрүүлэх, урьдчилан мэдээлэх, мониторинг, менежмент хийх боломж нөхцөлийг сайжруулахад шаардлагатайг онцолж байв.

Бэлчээрийг хадгалан хамгаалах зорилгын хүрээнд Уругвай, Оман, Монгол, Узбекистан, Европын Холбоо зэрэг төлөөлөгчид бэлчээрийн хамгаалалт нь газрын доройтлыг саармагжуулах (LDN) зорилтод хүрэх, Парисын хэлэлцээр болон Биологийн олон янз байдлын Куньмин-Монреалийн баримт бичгийн зорилтуудыг биелүүлэхэд шууд хувь нэмэр оруулж буйг санал нэгтэй тэмдэглэлээ.

Манай төлөөлөгчид бэлчээрийг хамгаалах асуудалд малчдын оролцоог бүрэн зөв хангахыг мөн уриалав.

4. Бага хурлын дөрөв дэх өдөр мөн Конвенцын хэрэгжилтийг хянан дүгнэх хороо ба Шинжлэх ухаан технологийн хорооны шийдвэрүүд, түүнчлэн төсөв, шилжилт хөдөлгөөн, ган, хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлаарх шийдвэрийн төслийг хэлэлцэх яриа хэлэлцээ үргэлжлэв.