United Nations Welcome to the United Nations. It's your world.

“MNG SUMMIT” ТББ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “MNG SUMMIT-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” СЭДЭВТ ТӨСЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАВ

Date: 
Sunday, 24 March 2019

“MNG SUMMIT” ТББ-аас энэ оны 3 дугаар сарын 24-нд “MNG SUMMIT-2019” нэгдсэн арга хэмжээг Нью-Йорк хотноо зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь АНУ-д сурч, хөдөлмөрлөж буй Монголын оюутан, залуучуудад өөрсдийгөө нээн хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бий болгож байгаагаар онцлог юм. Арга хэмжээний хүрээнд зочин илтгэгчдийн илтгэл, хувь хүний болон мэргэжлийн хөгжлийн талаарх сургалт, АНУ болон Монголын ажил олгогч байгууллагуудын талаарх танилцуулга, “Надад Хэлэх Үг Байна” сэдэвт тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээнд АНУ-ын өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуусын төлөөлөл оролцож, өөрсдийн үзэл бодлоо хуваалцав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээний нээлтэд оролцож, “Надад Хэлэх Үг Байна” сэдэвт тэмцээний шүүгчээр ажилласан бөгөөд АНУ-д сурч, хөдөлмөрлөж буй оюутан, залуусын идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэв.     

“Надад Хэлэх Үг Байна” сэдэвт 1000 ам.долларын шагналын сан бүхий төслийн тэмцээний ялагчаар агаарын бохирдлыг тодорхойлох, иргэдэд мэдээлэл өгөх зорилт бүхий “Breathe Mongolia” Цэвэр агаар ТББ-ын олон нийтийн цахим хуудасны төсөл шалгарсан. Энэхүү цахим хуудас ирэх 7 дугаар сард бэлэн болох аж.