United Nations Welcome to the United Nations. It's your world.

“Өглөөний цай” уулзалтыг удирдав.

Date: 
Friday, 12 July 2019

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос 2019 оны 7 дугаар сарын 12-нд зохион байгуулсан “Өглөөний цай” уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд удирдан явуулав. 

Тус уулзалтын зорилго нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн гишүүн орнуудын төлөөлөгчдөд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Комиссийн үйл ажиллагаа, тэр дундаа 2019 оны 5 дугаар сард Бангкок хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн 75 дугаар чуулганы дүнг танилцуулахад оршиж байв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, хатагтай Армида Алисжабанад НҮБ-ын орлогч ЕНБД, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргээд тус Комисс нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудыг холбосон гүүр болоод зогсохгүй, олон талт харилцаа, харилцан ойлголцол, нийтийн зөвшилцөлийг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн чухал бүтэц гэдгийг тэмдэглэв.

Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд түүний зорилго, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг, бүс нутгийн орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулдагийн тод илрэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Комиссийн 75 дугаар чуулганы даргаар сонгогдон ажилласан гэдгийг онцлов.

Комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Комиссийн үйл ажиллагаа, 75 дугаар чуулганы дүнг төлөөлөгчдөд танилцуулж, гишүүн орнуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж харилцан ярилцав.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА 

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2019 оны 7 дугаар 12-ний өдөр