United Nations Welcome to the United Nations. It's your world.

“МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Date: 
Tuesday, 26 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойг тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.

Нээлтийн ёслолд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ахмад дипломатууд, судлаачдын төлөөлөл оролцов.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ “Шуудангийн марк гэдэг бол аливаа улс орны үндэсний бахархал, тусгаар тогтнолын баталгаа болдог үнэт зүйл төдийгүй ирээдүй хойч үедээ түүхийг мэдүүлэх, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Бидний хүсэлтийг хүлээн авч хэлхээ 6 нэрийн марк болон анхны өдрийн дугтуйны эх загварыг бүтээх ажлыг сэтгэл, зүтгэл гарган чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн “Монгол Шуудан” ХК-ны хамт олон, уран бүтээлчид болон үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрласан ахмад дипломатууд, судлаачид гүн талархал илэрхийлье” хэмээв.

Монгол Улсын шуудангийн түүхэнд анх 1962 онд “БНМАУ НҮБ-д элсэв” сэдэвт 5 нэрийн марк, 1981 онд “Монгол Улс НҮБ-д элссэний 20 жил” блок, 1985 онд “НҮБ-ын 40 жил” 1 нэр, 1995 онд “НҮБ-ын 50 жил” хэлхээ 6 нэр, 2001 онд “Монгол Улс НҮБ-д элссэний 40 жил” хэлхээ 2 нэр, 2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой” 2 блок, 2015 онд “НҮБ-ын 70 жил”-ийн ойг тохиолдуулан нэг нэрийн марк тус тус гүйлгээнд гаргаж байжээ.

“Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой” сэдэвт хэлхээ 6 нэрийн марканд Монгол Улсаас НҮБ-ын гишүүнээр элсэхээр өгсөн Монгол Улсын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий 2 өргөдөл (нийт 5 өргөдөл), Х.Чойбалсангийн хөрөг,  Монгол Улсаас НҮБ-д дурсгасан Алтан Гэрэгэ, НҮБ-ын төв байр, 1961 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлсэн Гадаад явдлын яамны 1 дүгээр орлогч сайд Д.Цэвэгмид, Монгол Улсад НҮБ-д элссэний 60 жилийн ойн лого, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын лого, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт зэргийг тус тус дүрслэн харуулсан.

Нийт 11,000 ширхэг хэвлэгдсэн тус маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг, зөвлөхөөр Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун,  судлаач Л.Дашням, ахмад дипломат О.Батсайхан нар ажиллажээ.