United Nations Welcome to the United Nations. It's your world.

“Монголын их хаад” үзэсгэлэнг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Date: 
Tuesday, 23 July 2019

Энэ 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын төв байранд зураач Сугарын Чулуунбаатарын “Монголын их хаад” үзэсгэлэнгийн нээлт боллоо.  Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэхүү  үзэсгэлэнг  7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Сэнгэраги” арт галлерейтай  хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, “Сэнгэраги” арт галлерейн гүйцэтгэх захирал Б.Янжин болон НҮБ-ын гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, дипломатууд оролцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ улс гүрний түүх тухайн үндэстний ололт амжилт, сургамжийг илэрхийлж байдгийг дурдаж, Монгол Улс төдийгүй дэлхийн түүхэнд тод мөр үлдээсэн Монголын 17 их хаан, 2 хатны хөргөөс бүрдсэн үзэсгэлэнгийн ач холбогдлыг тэмдэглэв.

Зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, “Сэнгэраги” арт галлерейн гүйцэтгэх захирал Б.Янжин нар хэлсэн үгэндээ 800 гаруй жилийн тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гол үзэл санаа нь нийгмийн хөгжлийн янз бүрийн байгууллалттай их бага улс орнууд шашин шүтлэг үл хамааран энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэм болгож байсан нь өнөө цагийн дэлхийн улс орнуудыг нэгтгэсэн НҮБ-ын зорилготой нэг байгааг онцлов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА 

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2019 оны 7 дугаар 22-ны өдөр