United Nations Welcome to the United Nations. It's your world.

“БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛ: СОЁЛЫН ӨВ - МОНГОЛ БИЧИГ” СЭДЭВТ НОМЫН ҮЗЭСГЭЛЭНГ НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Monday, 13 May 2019

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас ховор ном цуглуулагч Н.Баатар болон Модерн Медиа консалтинг ХХК-ийн захирал Б.Болормаа нартай хамтран “Бичиг үсгийн боловсрол: Соёлын өв – Монгол бичиг” сэдэвт номын үзэсгэлэнг Нэгдсэн Үндэстний төв байранд нээлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд НҮБ-ын Дэлхийн харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч ЕНБД, хатагтай Алисон Смайл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Монгол Улсын Төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон НҮБ-ын 50 гаруй орны Элчин сайд, Байнгын төлөөлөгчид оролцов.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар Монгол судлалыг хөгжүүлэх, соёлын өв, тэр дундаа бичиг үсгийн боловсролыг дэмжих асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, Монголын түүх соёл, тэр дундаа монгол бичгийг сурталчлан таниулах зорилготой энэхүү арга хэмжээнд оролцож буй нийт оролцогчдод талархал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол бичиг нь монголчуудын оюун сэтгэхүй, хэл соёлыг олон зууныг дамнан тээж ирсэн үндэсний соёлын хосгүй ололт төдийгүй, хүн төрөлхтний бичиг соёлын олон төрөл байдлын яруу тод байдлын баталгаа гэдгийг онцлоод, Монгол Улс ирэх 2025 оноос эхлэн хос бичигтэн болох зорилт тавин ажиллаж байгааг мэдээлэв.

НҮБ-ын Дэлхийн харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч ЕНБД, хатагтай Алисон Смайл хэлсэн үгэндээ, бичиг үсгийн боловсрол, түүний ач холбогдлыг таниулах, соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол уран бичлэг, түүнийг сэргээн хэрэглэж буйг сайшаагаад, зохион байгуулагч нарт ажлын амжилт хүсэв.

Үзэсгэлэнд “Монголын нууц товчоо”, “Гэсэр тууль”, “Жангар тууль”, Монгол бичгээр хэвлэгдсэн дэлхийн сонгодог ном зохиол, Монгол ардын аман зохиол, үлгэр болон бусад ховор ном зохиолуудыг дэлгэн танилцуулж байна. Тус номын үзэсгэлэн 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.