United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЮНЕСКО-ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ШАХБАЗ ХАН “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГТ” ОРОЛЦЛОО

Date: 
Thursday, 18 May 2017

ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн Жакарта хотноо байрлах Шинжлэх ухааны асуудал хариуцсан төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 09-12-нд хүрэлцэн ирж “Инновацийн долоо хоногт” оролцлоо.

Проф.Шахбаз Хан Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологиийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулсан “Инновацийн үндэсний форум” болон “Инноваци, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх” олон улсын бага хуралд тус тус оролцон илтгэл тавив.

Ноён Шахбаз Ханыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Шинжлэх ухааны академийн Гадаад харилцаа хариуцсан захирал Р.Бандий, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар нар тус тус хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах өргөн боломжууд байгааг онцлон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцов. ЮНЕСКО-ийн зүгээс Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Өмнө нь БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Жакарта дахь төлөөлөгчийн газар болон Азийн Шинжлэх ухаан технологийн бодлогын сүлжээтэй хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байсан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО БСШУСЯ-тай хамтран олон цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулсан болно.