United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ЕА-Н 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 04 October 2016

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ өнгөрсөн онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглээд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсныг онцлов. 

Тэрбээр цааш нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг манай төлөөлөгчдийн хувьд ач холбогдол өгч, анхаарч ажиллах асуудлыг тус тус танилцуулав. 

Энэ удаагийн чуулганы Хоёрдугаар хороогоор эдийн засгийн өсөлт, хөгжил, олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн тогтолцоо, гадаад өрийн тогтвортой байдал, хөгжлийн санхүүжилт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, даяарчлал, мэдээлэл, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, харилцаа холбооны технологи зэрэг олон асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.