United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

Date: 
Thursday, 05 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий шүүмжлэлд олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээрх яриа хэлэлцээг урагшлуулах, итгэлцлийг бэхжүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэж, Цөмийн зэвсгийг хориглох, түүнийг бүрэн устгахад чиглэсэн олон талт гэрээг байгуулах яриа хэлэлцээний Бага хурал 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг баталсан нь шинэлэг, цөмийн зэвсгийг хураах асуудлыг урагшлуулах, улмаар түүнийг бүрэн устгахад чухал алхам болсныг онцлон тэмдэглэв.

Энэ жил Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан НҮБ-ын ЕНБД, Монгол Улсын Ерөнхийлөгч нар илгээлт солилцсон болохыг тэмдэглэж, цаашид цөмийн зэвсэггүй статусаа олон улсын түвшинд баталгаажуулах чиглэлээр НҮБ, гишүүн орнууд болон цөмийн зэвсэггүй бүсүүдтэй хамтран ажиллахаа нотлов.

Түүнчлэн, Зэвсэг хураах бага хурлын яриа хэлэлцээг гацаанаас гаргахын төлөө гишүүн орнууд хүчин чармайлт гаргаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2020 оны Бага хурал үр дүнтэй болж тодорхой ахиц гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр