United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХОРШООЛЛЫН АСУУДЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Thursday, 08 February 2018

Энэ 2 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын төв байранд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Хоршоолол: ядуурлыг арилгах хүн төвтэй стратегийг хөгжүүлэх нь” сэдвээрх өндөр түвшний уулзалтыг үдийн зоог хэлбэрээр Хоршооллыг дэмжих хороотой хамтран зохион байгууллаа.

Уулзалтад нийт 23 улсын БТГ, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ядуурлыг бууруулахад хоршооллын үүрэг, түүнийг үр дүнтэй ашиглах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хоршооллыг дэмжихэд Хоршооллыг дэмжих хороо зэрэг олон оролцогчтой байгууллагуудтай түншлэх гишүүн орнууд ядуурлыг бууруулахын тулд хоршооллыг дэмжих зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уулзалтыг удирдан явуулсан. Тэрээр уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ манай улсын хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл, цаашдын зорилтын талаар танилцуулав.

Манай улс хоршооллыг дэмжих талаарх олон улсын хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн.

                                                                       Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа

                                                                             Байнгын Төлөөлөгчийн Газар