United Nations Welcome to the United Nations. It's your world.

СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Date: 
Monday, 16 April 2018

Энэ 4 дүгээр сарын 16-нд НҮБ-ын төв байранд Хүний эрхийн дээд комиссарын газар (ХЭДКГ)-аас зохион байгуулсан “Хүн бүрт нээлттэй, ижил тэгш сургалт ба ялгаварлан гадуурхдаггүй, сурч боловсрох эрх” (Inclusive and Equitable Learning and the Right to Education for All without Discrimination) сэдэвт хэлэлцүүлэгт Норвеги, Өмнөд Африк, Перу, Эквадор, Монгол Улсаас  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хүний эрхийн асуудал хариуцсан туслах Эндрю Гилмор удирдан явуулсан уг хэлэлцүүлэгт Дэлхийн боловсролын боломжийг санхүүжүүлэх олон улсын комиссын дарга бөгөөд Дэлхийн боловсролын асуудлаарх НҮБын тусгай элч,  ИБУИНВУ-ын  Ерөнхий сайд асан Гордон Браун илтгэл тавьж, дээрх Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО-гийн төлөөлөгчид боловсролыг хүн бүрт нээлттэй, ижил тэгш болгох, ялгаварлан гадуурхахгүй байх, сурч боловсрох эрхийг хангахад гарсан ололт амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид тавих зорилтын талаар санал бодлоо солилцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд, манай улсын Засгийн газраас хүн бүрт нээлттэй, ижил тэгш чанартай сургалт олгох, насан туршийн боловсролыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан.

Манай улс бүх нийтийн боловсролыг дэмжих талаарх олон улсын хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Бүх нийтийн бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2001 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн.