United Nations Welcome to the United Nations. It's your world.

САЙД Н.НОМТОЙБАЯР НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН КОМИССЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Date: 
Thursday, 02 February 2017

2017 оны 2 дугаар сарын 1-нд Нью-Йорк хотноо ажлаа эхэлсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Нийгмийн хөгжлийн комисс (НХК)-ын 55 дугаар ээлжит чуулганд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

“Ядуурлыг устгаж бүх нийтийг хамарсан тогтвортой хөгжилд хүрэхийн төлөөх стратеги” сэдвийн доор болж байгаа НХК-ын 55 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт сайд Н.Номтойбаяр үг хэлэв. Тэрээр үгийнхээ эхэнд 2030 он гэхэд Монгол Улс ядуурлын бүх хэлбэрийг устгаж, байгаль экологийн тэнцвэрийг хангасан, тогтвортой эдийн засаг бүхий дунд орлоготой орон болох зорилго тавин ажиллаж байгааг дурдаад 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ зорилгод хүрэх бодитой ажлуудыг тусгасан тухай танилцуулав. Тухайлбал, Үндэсний хөгжлийн тухай хууль баталсан, Засгийн газраас залуучуудын хөгжлийг бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, институцийн дэмжлэгээр хангах нь тогтвортой хөгжлийг түргэтгэх зам хэмээн үзэж, онцгой анхаарал тавьж байгааг цохон дурдав.  

НХК-ын 55 дугаар чуулганы хүрээнд ерөнхий хэлэлцүүлгээс гадна Тогтвортой хөгжлийн хөтөлбөр ба ядуурлыг устгах стратегиуд, залуучуудын хөгжил, ядуурал ба хөгжлийн бэрхшээл хэмээх гурван сэдэвт хэлэлцүүлэг, Нийгмийн хөгжилд хүүхэд, залуучуудын оролцоог хангах бодлого ба хөтөлбөрүүд, Африкийн хөгжлийн төлөөх шинэ түншлэл зэрэг тогтоолуудыг батлахын зэрэгцээ 50 гаруй сэдэвт арга хэмжээнүүд болно.