United Nations Welcome to the United Nations. It's your world.

Сайд А.Ариунзаяа НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганы Сайд нарын форумд оролцов

Date: 
Sunday, 13 February 2022

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ 2 дугаар сарын 7-16-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганы Хүнсний аюулгүй байдал, ядуурлыг арилгах замаар хүн бүрийн сайн сайхан байдлыг хангах, тэр дундаа хүнсний тогтвортой тогтолцоог дэмжиж олон талт хамтын ажиллагаа бэхжүүлэх нь сэдэвт Сайд нарын форумд илтгэгчээр оролцлоо.

Тэрбээр хүнсний аюулгүй байдлын хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж, энэ хүрээнд Хүнсний тухай хууль, Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөр, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хууль зэргийг баталж, хүнсний аюулгүй байдал, хоол болон тэжээлийг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг танилцуулаад Монгол Улсын Засгийн газраас өлсгөлөн, ядуурлыг арилгах, эмзэг, ядуу бүлгийн өрх, иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн халамжийн тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэв.

Түүнчлэн хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, хоол хүнсний шим тэжээлийг сайжруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилтуудыг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган ажиллаж байгааг тэмдэглэв.
Далайд гарцгүй орны хувьд дэлхийн хүнсний зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, олон улсын ачаа тээврийн саатал зэрэг нь импортоос хамааралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учруулж, үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн тул хүнсний хангамж, нөөцийг тогтворжуулах, чанарыг сайжруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг мөн онцлов.  

Нийгмийн хөгжлийн комиссын 60 дугаар чуулганы Сайд нарын форумд Азербайжан, Катар, Либери, Монгол, Перу, Финланд, Япон Улсын салбарын сайд нар илтгэгчээр оролцлоо.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР