United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 61 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЧУУЛЖ БАЙНА

Date: 
Friday, 17 March 2017

Нью-Йорк хотноо 2017 оны 3 дугаар сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд  сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.  

Тус комиссын энэ удаагийн чуулган “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулалт” хэмээх ерөнхий сэдвийн доор болж буй онцлогтой.

Чуулганы “Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийн тухай” Ерөнхий хэлэлцүүлэгт Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, ажлын байраар хангах бодлого, арга хэмжээг тасралтгүй авч ирснийг онцлон дурдав.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Төр ба хувийн хэвшил дэх цалин хөлсний ялгаа” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага,  “Ажил хөдөлмөрийн өөрчлөгдөн байгаа орчинд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахын тулд түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт Өндөр түвшний хэлэлцүүлэгт тус тус үг хэлж оролцлоо.  

Чуулган 2017 оны 3 дугаар сарын 13-24-нд үргэлжилнэ.