United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕС МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО, ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

Date: 
Monday, 28 August 2017

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй 2017 оны 8 дугаар сарын 25-нд НҮБ-ын төв байранд уулзаж, Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, ардчилал, хүний эрх, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний асуудалд идэвхитэй оролцож буйг онцлон тэмдэглэв.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сард болох “Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын бага хурал”-д ЕНБД-ыг оролцохыг урьсаныг тэрбээр дахин нотлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес олон улсын хамтын нийгэмлэг дэх манай улсын идэвхитэй оролцоонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс ардчилал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө амжилттай ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр Улаанбаатар хот нь бүс нутагт энх тайвныг тогтоох, сахин хамгаалах асуудлаар санал солилцдог, яриа хэлэлцээ явуулдаг газар болсныг онцлоод, энэ чиглэлд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР