United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ 3 ДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 05 October 2016

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы 3 дугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. 

Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал ба Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн нийгмийн бүх гишүүдийг хөгжилд хамруулах (leave no one behind) тухай алсын харааг хэрэгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлсийн тэнцвэрийг хангасан нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Элчин сайд С.Сүхболд үгийнхээ эхэнд онцлов.

Тэрээр цааш Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлалд ядуурлын бүх төрөл, хэлбэрийг устгах, жендэрийн тэгш байдлыг хангах, эрүүл мэнд ба боловсролын үйлчилгээний олдоц ба чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэнийг дурдав.

Улмаар дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас ядуурлыг бууруулах, боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, гэр бүлийг дэмжих, нийгмийн хамгааллыг боловсронгуй болгох болон холбогдох бусад чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцууллаа.