United Nations Welcome to the United Nations. It's your world.

НЬЮ-ЙОРКТ ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Date: 
Wednesday, 22 March 2017

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израйл, Канад, Катар, Люксембург, Монгол, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо, "Inclusion International", Даун синдром интернэшнл ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав.

Уг хурал "My voice, my community - Enabling people with Down syndrome to speak up, be heard and influence government policy and action, to be fully included in the community" сэдвийн дор болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг төрийн ба ТББ-ын төлөөлөгчид, сурган хүмүүжүүлэгчид болон даунтай хүмүүсийн төлөөлөл оролцов. 

Даун синдромтой хүмүүст санаа бодлоо илэрхийлэх боломж олгох, тэдний хэрэгцээ шаардлага, дуу хоолойг төр, засгийн бодлогод тусгахын тулд юуны түрүүнд даунтай хүмүүсийн талаар нийгэмд эерэг мэдээлэл, сурталчилгаа түгээх, тэднийг нийгэмшүүлж хөгжүүлэхийн чухлыг хуралд оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, ИБУИНВУ-ын Дауны холбооны сургагч багш Элизабет Леггат, Киргиз улсын даунтай хүүхдийн эцэг эхийн Сунтерра сангийн захирал Дина Ешалиева, Латин Америкийн Дауны холбооны Захирлуудын зөвлөлийн дарга Лилиана Пенахерерра, даунтай охины ээж Палестин эмэгтэй Амани Абу Миддаин нар даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах талаар орон нутаг, улс, бүс нутгийн түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, даунтай хүмүүсийн потенциал буюу боломж, даунтай хүүхдийг энгийн сургууль, цэцэрлэгт сургаж буй туршлага, даунтай хүүхдийг өргөж авч өсгөж буй гэр бүлийн тухай сонирхолтой илтгэл тавилаа. Ялангуяа Польш, Итали, Австралийн даунтай иргэдийн төлөөлөл товч илтгэл тавьж, өөрсдийн амьдрал, нөхөрлөл, хүсэл бодлын тухай өгүүлж, дуу дуулдаг, хөгжил тоглодог, бүжиглэдэг, театр ба кинонд дүр бүтээдэг, загварын салбарт амжилт олсон, фото зураг авдаг, гадаад хэл сурсан, олон үндэстний найз нөхөдтэй болсон туршлагаа хуваалцсан нь оролцогчдын талархлыг хүлээв. 

Дэлхийн дауны өдрийн бага хуралд УИХ-ын гишүүн асан Монголын Дауны холбоо ТББ-ын захирал С.Оюун оролцож Даун синдром интернэшнл байгууллагын захирал Эндрью Боизтой уулзсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэлээр манай улсын төрийн бодлого, нийгэм, олон нийтийн санаачилгын талаар оролцогчдод мэдээлж, санал бодлоо хуваалцав. 

Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд Даун синдром интернэшнл олон улсын ТББ-аас санаачлан 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.