United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ УЛС ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Date: 
Monday, 16 July 2018

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ 7 дугаар сарын 16-нд эхэллээ.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын гишүүн 47 улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахын зэрэгцээ сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд болно.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд 7 дугаар сарын 16-нд оролцож, Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулсны зэрэгцээ “Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг энэ оны 7 дугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, бага хурлаас “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баталсныг онцоллоо.

Мөн манай улсын санаачлага болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага энэ оны 6 дугаар сард нээлтээ хийснийг тэмдэглэв.      

Чуулга уулзалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.