United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НГУЕН СУАН ФУК НАР УУЛЗАВ

Date: 
Friday, 24 September 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук-тай  уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд тасралтгүй өргөжин гүнзгийрч ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Вьетнам Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, Монгол Улсад 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг тэмдэглээд энэ удаа Ерөнхийлөгчийн хувиар тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук монгол, вьетнамын ард түмэн хүнд бэрх үед бие биедээ ямагт дэмжлэг үзүүлж ирсэн уламжлалтайг онцлон тэмдэглэж, олон жилийн түүхэн, найрсаг, ах дүүгийн харилцаатай Вьетнам, Монгол Улсын хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт улам эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Вьетнам Улсад айлчлахыг урив.

Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар талууд санал солилцлоо.