United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Date: 
Tuesday, 21 September 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-ны өдөр Колумбийн Их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакстай уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Сакс нар сүүлийн хоёр жил үргэлжилж буй цар тахлын нөлөө, ялангуяа хөгжиж буй улс орнуудын эдийн засагт учруулж буй сорилтууд, түүнийг даван туулах арга замын талаар болон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг олон улс, бүс нутаг, үндэсний  түвшинд эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх профессор Ж.Саксыг Монгол Улсад айлчилж, эдийн засаг, тогтвортой хөгжлийн шийдэл, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай эрдэмтэн судлаач, шинжээч, бодлого боловсруулагч нарт лекц уншихыг урив.  Ж.Сакс урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Профессор Ж.Сакс Монгол Улсыг хоёр том хөрштэй, өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний арвин эх үүсвэртэй, эдийн засгийн хөгжлийн нөөц бололцоо ихтэй улс гэж үздэгээ илэрхийлээд мэдээллийн технологийн хөгжил, хэрэглээг нэмэгдүүлэх нь ирээдүйн хөгжлийн их чухал хөдөлгөгч хүч болохыг онцлон тэмдэглэв.

Профессор Ж.Сакс нь “The Economist” сэтгүүлийн судалгаагаар дэлхийн хамгийн нөлөө бүхий гурван эдийн засагчийн тоонд багтаж, “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёр удаа нэрлэгдсэн,  хөгжлийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн томоохон онолч, зүтгэлтэн юм.

Тэрбээр НҮБ-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 2001-2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан (2001-2007), Бан Ги Мүүн (2008-2016) болон Антонио Гутерреш (2017-2018) нарын тусгай зөвлөхөөр ажиллаж байв.

Өдгөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Шийдлийн Сүлжээний (UN Sustainable Development Solutions Network) Ерөнхийлөгч, НҮБ-ын Өргөн зурвасын Хөгжлийн Комиссын (UN Broadband Commission for Development) төлөөлөгч зэрэг судалгаа, эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээний олон төсөл, хөтөлбөрийг тэргүүлж байна.