United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС “ХОРШООЛОЛ БА ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АСУУДАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Friday, 13 March 2015

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоотой хамтран “Хоршоолол ба жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийг хангахад чухал үүрэг бүхий хоршооллын хөгжлийг Монгол Улсын Засгийн газраас ямагт дэмжиж, НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирснийг цохон тэмдэглээд хүн төвтэй, хамтын үнэт зүйлд суурилсан хоршооллын байгууллага нь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад ямар хувь нэмэр оруулж болохыг хэлэлцэж буй энэ төрлийн арга хэмжээ асар их ач холбогдолтой юм гэв.   

Улмаар Олон улсын хоршоолын холбооны Ерөнхийлөгч Дам Паулин Грин, Тэйлор Ньюберри Консалтинг байгууллагын ахлах судлаач Доктор Лиза Шинкариол, Руандагийн Байнгын төлөөлөгчийн орлогч Жан д’Арк Байжэ, Гэр бүлийн амьдралын төвийн Хоршооллын хөгжлийн төвийн захирал Ванесса Брансбург нар сонирхолтой илтгэлүүд тавьж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтэд хоршооллын хувь нэмрийн талаар оролцогчидтой дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэв.

Мөн уг арга хэмжээн дээр Олон улсын хоршооллын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтарч хийсэн “Жендэрийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг бизнес эрхлэх чадварт сургах сургалтын арга зүй” судалгааны дүнг танилцуулав.