United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС "ХҮНС, ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Friday, 13 March 2015

Монгол Улс нь "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай" Ерөнхий Ассамблейн тогтоолын санаачлагчийн хувьд НҮБ-ын хүрээнд энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг билээ.

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганы нээлтийн үеэр 2015 оны 3 дугаар сарын 9-нд Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газраас  олон улсын хүнс, хөдөө аж ахуйн сан (IFAD), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO),  Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-тэй хамтран “Хүнс тэжээлийн аюулгүй байдлыг хангахын төлөө хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь”  арга хэмжээг зохион байгуулав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Очийн удирдан явуулсан уг арга хэмжээнд Хөдөөгийн хөгжлийн төлөөх олон улсын доноруудын холбооны Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан захирал Линн Браун, Кени Улсын "GROOTS International" байгууллагын тэргүүн Вайолет Шивтусе, НҮБ-ын ХХААБ-ын Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Брэйв Рона Ндайсал нар илтгэл тавьж, Ром хотноо байрладаг IFAD, FAO, WFP байгууллагууд, гишүүн орнуудын төлөөлөл өргөнөөр оролцов.

Хөдөөгийн эмэгтэйчүүд нь гэр ахуйн ажлаа хөтлөхийн зэрэгцээ орлого олох, амьдрах орчноо сайжруулах, хүнс тэжээлийн аюулгүй байдлыг хангахад их үүрэг гүйцэтгэж үндэсний болон глобал эдийн засагт хувь нэмрээ оруулдаг.

Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганаар хэлэлцэж буй Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 20 жилд хөдөөгийн эмэгтэйчүүд, тэдний хүнс тэжээлийн аюулгүй байдлын асуудал глобал болон Засгийн газар хоорондын механизмын хэлэлцүүлэгт зохих байр сууриа олсон боловч цаашид энэ чиглэлээр хийж гүйцэтгэх ажлуудыг нарийвчлан тодорхойлж 2015 оноос хойших хөгжлийн зорилтын асуудалтай уялдуулан ажиллах тухайд оролцогчид санал нэгдлээ.